Криминологи
Dateline: 2010-06-15
КРИМИНОЛОГЧДИЙН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

 ХЗҮХ, ГХУСАЗЗ хамтран криминологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг судлаач, эрдэмтэдийн уулзалт ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Уулзалт ярилцлагыг нээж ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрхлэгч Ж.Энхнасан нээж үг хэлэв. Уулзалтанд “Орчин үеийн криминологийн чиг хандлага”, сэдвээр докторант Бм.Батзориг, “Монгол Улсын криминологийн уламжлал, шинэчлэл” сэдвээр  Sc.D Н.Жанцан тус тус илтгэл тавьж, ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Б.Чимид, доктор С.Жанцан, доктор Д.Зүмбэрэллхам, доктор Г.Гантөмөр, ЦЕГ-ын МДШТ-ийн дэд дарга д/х Пандиймаа, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжилтэнүүд, ХЗҮХ-ийн ЭЭЗКС-ын эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд, Г.Батчимэг, ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож санал, бодлоо солилцов. .      

Илтгэгч, үг хэлсэн хүмүүсээс гарсан гол санал, бодол:  

1.    Гадаадын улс оронд криминологийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагалдан орчин цагийн криминологич  мэргэжилтэнийг бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр залгамж халаа болох залуу судлаачдыг бэлтгэх, сургах, ахмад үеийнхний туршлагыг судлах бас чухал байна. Түүнчлэн хамгийн гол нэг зүйл бол криминологийн судалгааны шинэ арга, арга зүйг практикт нэвтрүүлж үр дүнг хүртэх хэрэгтэй байна.

2.    Өнөөгийн байдлаар хуулийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил уялдаа холбоо муутай, криминологийн шинжлэх ухааны үндэслэлээр хомсхон байна.  

3.    Гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл, криминологийн прогноз  1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийг дагаж багагүй өөрчлөгдөв.  Гэмт явдал аяндаа урсгалаар гарахаас илүүтэй урьдчилан зохион байгуулалттай болж нийгмийн хор аюул нь өсөн нэмэгдэв. Тэдгээртэй хийх тэмцлийн арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг шинэчлэх явдал цаг үеийн тулгамдсан шаардлага болж аль 1990, 2000, 2005 онд хэрэглэж байсан бидний мэдэх  “уламжлалт” гэх арга, хэрэгсэл  одоо үр дүнд хүрэх нь багасч, шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбарын мэдлэг, хамтын ажиллагааг илүү ихээр шаардах болжээ.

4.    Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тогтоохдоо та бидний “байнга дурддаг” нийтлэг нөхцөл байдал болох ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн байдал  гэх мэт “тодорхой бус” хүчин зүйлсийг дурдахаас татгалзах бодлого баримталж, судалгааны тодорхой арга,  арга зүйг, практик үйл ажиллагаатай хослуулах шаардлагатай байгааг сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүн харуулж байна.

Судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах:  Шинэ арга хэрэгслээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн онцлог байдлаас шалтгаалан өөр өөр байдаг тул хууль сахиулах байгууллагын албан хаагч криминологийн судалгааны наад захын аргачлалуудыг хэрэглэх чадвартай байх хэрэгтэй байна. Орчин үед гэмт хэрэг “шинэ төрлийн арга”-аар үйлдэгдэж байгаа бөгөөд шалтгаан нөхцөл нь “шинэлэг хэлбэр”-т шилжсэн учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчид арга барилаа шинэчлэхийг шаардаж байгааг  тэмдэглэх нь зүйтэй болов уу.

7.    Криминологийн асуудлаар төрийн нухацтай бодлого, дорвитой дэмжлэг хэрэгтэй байна. Цөөхөн ажилтантай ХЗҮХ-ийн  ЭЭЗКС энэ ажлыг дангаар бүрэн гүйцэтгэх боломжгүй байна. Хэдийгээр энэ сектор ХЗХДЯ захиалгаар болон нийгмийн өмнө тулгарч байгаа зарим судалгааг хийж байгаа боловч туршлага, дадлага, мэдлэгтэй боловсон хүчин байхгүй шахам байна. ГХУСТХ-ийн заалтыг хэрэгжүүлж гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг харьцангуй бие даасан хүрээлэн байх зайлшгүй шаардлагатай.

8.    1976 онд “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн” Прокурорын байгууллагын дэргэд байгуулагдан 10-аад жил ажиллаж байсан түүхтэй.  Цаашид дээрхи байгууллагын ажиллаж байсан судалгааны арга, арга зүй талаархи гарын авлагууд, хийгдэж байсан судалгааны тайлангуудыг архиваас олж судалгаанд ашиглах хэрэгтэй байна.  

9.    Их , Дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн хамгаалуулсан магистр, докторын бүтээлүүд, бусад байгуулагуудаас хийгдэж байсан судалгааны тайлангуудыг нэгтгэн нэгдсэн сан, мэдээлэл бүхий бааз байгуулах хэрэгтэй байна. Тулгамдсан асуудлын гол зүйлийн нэг нь хаана, хэн, хэзээ, ямар судалгаа хийсэн нь тодорхойгүй, судалгааны танилцуулга мэдээлэл, нийтэд түгээх ажил дутмаг байгаатай шууд холбоотой байна.

10. Цагдаа, прокурор,  шүүхийн байгууллагад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар судалгаа огт хийгдэхгүй хий төсөөлөл, таамаглал дээр дулдуйдан ажиллаж, ярьж байгаа нь үнэн юм. Өнөөдөр тухайн байгууллагууд дээр хийгдэж байгаа ажил, гаргасан тайлан, хэргийн статистик үзүүлэлт нь тоон мэдээ, түүний өсөлт бууралтыг харьцуулахаас бус чухам яагаад ийм байдалд хүрсэн, өсөлт, бууралтын шалтгаан юу болохыг судлаж, дүн шинжилгээ хийж хүч хүрэлцэхгүй байна.  

11. Залуу судлаачдыг криминологийн эрдэм шинжилгээний ажилд татан оруулах, дур сонирхолыг бий болгож, энэ салбарын хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих

12. Криминологчдийн холбоо, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээний төв, АТГ-ын Судалгааны төв, УДШ-ын Судалгааны төв, Гэмт хэргээс Урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗҮХ-ийн ЭЭЗКС гэх мэт энэ чиглэлийн  байгууллагуудын ажлын холбоог сайжруулах

13. Тодорхой төрлийн гэмт хэрэгт хийх судалгаануудад практик ажилтнууд, хуулийн байгууллагуудыг татан оролцуулж байх, тэднийг чадавхижуулах

14. Гадаадын зарим орны гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг хүрээлэн, төвүүдтэй холбоотой ажиллаж, туршлага солилцох, тэдэнд мэргэжилтэн илгээж бэлтгэх нь зүйтэй болов уу.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН,

МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax