Гэмт хэргийн улмаас учирсан хохирол., Судалгааны тайлангаас., 2008 он
Судлаач Г.Оюунболд
а/ Хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх талаархи эрх зүйн зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “Хохирол нөхөн төлүүлэх эрх”-ийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны үндэс нь хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх асуудал юм. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж, чанар, хэр хэмжээг зөв тогтоосноор, түүнийг зөв үнэлснээр хохирогчийн “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх” хангагдах учиртай. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэлтийн үндэс болох энэхүү ажиллагаа ямар түвшинд явагддаг болохыг судлахын тулд эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль
§ 80 дугаар зүйлийн 80.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно:
80.1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ;
§ 79 дүгээр зүйлийн 79.1. Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ.
§ 79 дүгээр зүйлийн 79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно.
§ 79 дүгээр зүйлийн 79.4. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
§ 155 дугаар зүйлийн 155.1. Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэр тухай тогтоол гаргаж, түүндээ шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжээчийн нэр, шинжилгээ хийх хугацаа, шинжээчид тавих асуулт, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд зүйлийг тодорхойлон бичнэ.
§ 123 дугаар зүйлийн 123.1. Шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтаар дараахь шаардлагыг хуульчилсан байгаа юм. Үүнд:
Ш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг заавал нотолсон байхыг;
Ш гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт, сэлт мэдээллийг нотлох баримт гэх ба энэ нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдох болохыг;
Ш шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэр тухай тогтоол гаргаж, шинжээч томилон дүгнэлт гаргуулах эрхтэй болохыг;
Ш шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болохыг тус тус заажээ.
Хуульд заасан эдгээр шаардлага буюу хуулийн хэм хэмжээний хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилгоор нийслэлийн дүүргүүдийн шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн материалыг судалснаас гадна байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгчдээс ярилцлагын аргаар судалгаа авсан бөгөөд энэ байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан хохирлын төрөл тус бүрээр судалж, дүн шинжилгээ хийлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын тухайд:
а/ Эрх зүйн зохицуулалт
Монгол Улсын Иргэний хууль[2]
§ 510 дугаар зүйлийн 510.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
б/ Хохирлын хэмжээг тогтоож, үнэлж буй байдал
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг, мөн өмнө үйлчилж байсан болон одоо үйлчилж буй хуулиудад эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоох, үнэлэх асуудал тодорхой тусгагдсан тул харьцангуй нэг мөр шийдвэрлэгддэг гэж үзэх үндэстэй. Гэвч бодит байдалд буюу манай өнөөгийн практикт эд хөрөнгийн хохирлын төрөл, хэмжээг тогтоож, үнэлж буй байдал буюу хуулийн хэм хэмжээ ямар түвшинд хэрэгжиж байгаад дүн шинжилгээ хийж үзвэл:
1. Эд хөрөнгийн хохирлын хэмжээг хэрхэн тогтоож буйг эрүүгийн хэргийн материалаас судлахад ихэвчлэн “Үнэлгээний комисс” гэх этгээд үнэлгээ тогтоодог байна.
Үнэлгээний комисс дараахь хүснэгтийг ашиглан үнэлгээ тогтоодог.
Батлав........................ МБА-ны дарга.....
¹ |
Эд зүйлийн нэр | Чанар байдлын тодорхойлолт | Үнэлгээ | Тайлбар | |||||||||||||||
Хохирогчийн | Шалгаж буй газрын | Үнэлгээний комиссын | ||||||||||||||||
|
|
|
|
|
|
| ||||||||||||
|
|
|
|
|
|
|
Ийнхүү эрүүгийн хэргийн материал уншиж судалж байх явцад дээрх хүснэгтийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үнэлгээний комисс үнэлгээг тогтоодог бөгөөд энэхүү комиссын бүрэлдэхүүн үндсэн ажил үүргийнхээ зэрэгцээ энэ ажлыг гүйцэтгэдэг, эд зүйл үнэлэх мэргэшил, мэддлэггүй хүмүүсээс бүрддэг байдал харагдаж буйгаас гадна ийнхүү үнэлгээ тогтоож буй этгээдүүд эд хөрөнгийн шинж чанарыг тогтоолгүйгээр үнэлж буй нь хохирлын үнэлгээг бодитой, зөв хийж буй гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал, нэгэн аж ахуйн нэгжийн агуулахаас алдагдсан гал тогооны шинэ тавилгыг үнэлэхдээ хохирогчийн санхүүгийн баримтад тусгасан үнэлгээнээс 30.000-50.000 төгрөгөөр бууруулж үнэлсэн байх атлаа яагаад ийнхүү бууруулан үнэлэх болсноо тайлбарлаагүй байна.
Ийнхүү эд зүйлийг үнэлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдэхгүй буюу үнэлгээ хийж буй комиссын гишүүд өөрийн үзэмжээр үнэлгээ хийж, хохирогчийн үнийн саналаас ихэнхдээ бууруулан үнэлж хэвшсэн, ийнхүү бууруулан үнэлсэн талаараа тайлбар хийхгүй байгаа байдал нь хохирлын хэмжээ бодит бусаар тогтох, улмаар хохирогчийг улам хохирооход хүргэж байна.
Эд зүйлийн үнэлгээ хийхдээ эд зүйлийн шинж чанар, хэлбэр, эдэлгээ, зах зээлийн ханш зэргийг тооцож үзэлгүй үнэлж буй нь учир дутагдалтай байх бөгөөд зарим тохиолдолд үнэлгээний комиссын бүрэлдэхүүн ч харилцан адилгүй байна /2; 3; 4; 5 хүний бүрэлдэхүүнтэй байх гэх мэтээр/.
Энэхүү журмаар, дээрх хүснэгтээр үнэлгээ тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дор дурдсан хэм хэмжээнд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Үүнд:
1. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт нь .... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох;
2. Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулах;
3. Нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах зарчим зөрчигдөж байна.
Ийнхүү үнэлгээний комиссоор үнэлүүлэхээс гадна дор дурдсан баримтыг үндэслэн эд хөрөнгийн хохирлыг тогтоож буй практик байна. Үүнд:
o Татвар, гаалийн байцаагчийн акт;
o Мэргэжлийн хяналтын байцаагчийн акт;
o Зардлын баримтаар тогтоох;
o Байгууллагын дансанд тусгасан үнэлгээ гэх мэт.
Эдгээр үнэлгээ нь мөн л дээрх зарчим, журмыг зөрчиж байгаа бөгөөд цаашид хуульд заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлтээр эд зүйлийн үнэлгээг тогтоолгох шаардлага зүй ёсоор тавигдаж буйг анхаарууштай.
2. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг хэрхэн тогтоож буйг ярилцлагын аргаар судлахад:
Судалгаанд оролцсон хуульчид:
Ш Гэмт халдлагад өртсөн эд зүйл байхгүй тохиолдолд үнэлгээ тогтоох ажиллагаа бэрхшээлтэй;
Ш Үнэлгээний компаниуд үнэгүйг үнэтэй болгож, үнэтэйг үнэгүй болгож үнэлдэг;
Ш Археологийн ховор олдворыг үнэлэх үнэлгээ байхгүй;
Ш Мөн бугын чив, хүдрийн заар гэх мэт амьтны гаралтай, эрэлт хэрэгцээтэй зүйлийг үнэлэх үнэлгээ байхгүй учраас тухайн амьтны амьд үеийн үнэлгээгээр үнэлдэг;
Ш Алмаз гэх мэт эрдэнийн зүйлийг үнэлэх үнэлгээ байхгүй;
Ш Экологийн үнэлгээ хийдэг байгууллага болон үнэлгээ хийх аргачлал байхгүйгээс байгаль хамгаалах журмын эсрэг зарим төрлийн хэргүүд “үнэлгээ тогтоох боломжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох гэх мэтээр үнэлгээ тогтооход бэрхшээлтэй зүйл нэлээд байдаг тухай ярив.
Хохирлын үнэлгээг тогтоож буй дээрх журам, тогтолцооноос гадна хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар үнэлгээ хийлгэх эд зүйлийн шинж, чанар, эдэлгээ, элэгдлийн байдлыг тогтоох ажиллагаа хийдэггүй нь хохирлын хэмжээг бодитой, зөв тогтооход нөлөөлж буй хүчин зүйл болдог, мөн ховор, үнэт зүйлс гэх мэтийг үнэлэх аргачлал, үнэлгээ хийх эрх, үүрэг бүхий байгууллага байхгүйгээс зарим төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоож чадахгүйд хүрч буй нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тулгамдсан асуудал болж байна.
3. Эд хөрөнгийн хохирлыг үнэлж, шийдвэрлэж буй практиктай холбогдуулан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийг тайлбарлах тухай” 27 тоот тогтоолын хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхтэй холбоотой заалтад дүгнэлт хийвэл:
· Тогтоолын 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засаж, сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно. Харин тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд гарсан ажлын хөлсийг тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд үүнтэй холбоотой зардлыг ИХШХША-ны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж болох”-ыг заасан байна. Энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хохирлыг ЭБША-ны явцад, харин тухайн хохирлыг дагаж учирсан шууд бус хохирлыг иргэний журмаар шийдвэрүүлэх агуулгыг илэрхийлсэн байх агаад энэ нь хохирогчийн хохирлоо нэг мөр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж, чирэгдүүлсэн тайлбар болжээ.
4. Мөн сүүлийн үед нэлээд олноор гарч, иргэдийг олноор хохироож буй “Банкны”, “Хадгаламж зээлийн хоршооны” гэх тодотголтой хэргүүд дээр хохирлын хэмжээг тогтоох, үнэлэх, хөрөнгө хамгаалах ажиллагаа хийхтэй холбоотой бэрхшээлтэй асуудлыг тогтоох зорилгоор мөрдөн байцаагч нараас ярилцлагын аргаар судалгаа авахад:
Ш Маш олон хохирогчтой, хохирогч бүр хохирлоо өөр өөрөөр тооцож нэхэмжилдэг;
Ш Зарим хохирогч олддоггүй;
Ш Хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалуулсан байдгаас хохирлын хэмжээг тогтооход бэрхшээл учирдаг;
Ш Иргэний нэхэмжлэлийн талаар гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилж, үнэлүүлэхэд үнэлгээний байгууллагууд өөр өөрөөр үнэлгээ тогтоосноос эд хөрөнгийг бодитой үнэлэх боломжгүйд хүрдэг;
Ш Гэм буруутай этгээдүүд хөрөнгөө бусдын нэр дээр болгох зэргээр хөрөнгөө нуух явдал элбэг байдаг тул нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажил бэрхшээлтэй байдаг;
Ш Гэмт этгээдийн хөрөнгийг хураах, битүүмжлэх болоход тухайн хөрөнгө аль нэг банкны барьцаанд байх тохиолдол элбэг байдаг ба ихэвчлэн давхар битүүмжлэх ажиллагаа хийдэг;
Ш Хохирогч нар олгоор хохирсноос бухимдах, төрөл бүрийн байдлаар эсэргүүцэх явдал их байдаг хэмээн бэрхшээл тооцож байсан юм.
Энэхүү олноор хохирсон хэргийн тухайд нуугдмал хөрөнгийг илрүүлэх, улмаар битүүмжлэх, мөн барьцаа авч, түүнийг иргэний нэхэмжлэлийг хангахад ашиглах шаардлагатай байна.
[1] Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан. “Төрийн мэдээлэл”. 2002 он. ¹6
[2] Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан. “Төрийн мэдээлэл”. 2002 он. ¹7
Сэтгэгдлүүд
2010-10-22 -
Бичсэн: duuree (зочин)
Hunii ed erhtend gemtel uchruulsan bol yah yum be ene talaar yum bdag bol bicheerei